12 дугаар зүйл. Тагнуулын байгууллагын бүрэн эрх
12.1.Тагнуулын байгууллага төрийн болон албаны нууцыг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.төрийн болон албаны нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
12.1.2.төрийн болон албаны нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан нууцыг ашиглаж, хамгаалж байгаа байдалд хяналт тавих, шалгах;
12.1.3.төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографийн хэрэгсэлд туршилт, шинжилгээ хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах;
12.1.4.байгууллага, албан тушаалтан төрийн болон албаны нууцаа хамгаалах ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
12.1.5.төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах, төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;
12.1.6.мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцыг шилжүүлэх, ил болгох, нууцын зэрэглэл тогтоох, өөрчлөх, нууцын хугацааг сунгах асуудлаар санал боловсруулж, Засгийн газарт оруулах;
12.1.7.төрийн болон албаны нууцын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, ашиглах;
12.1.8.төрийн нууцтай танилцах албан тушаалтан, иргэнд аюулгүй байдлын шалгалт явуулах, төрийн болон албаны нууцыг ашиглан үйл ажиллагаа явуулах, ажил гүйцэтгэх хуулийн этгээдийг судалж, шалгах;
12.1.9.төрийн болон албаны нууцыг дамжуулах, илгээх мэдээлэл, шуудан харилцаа холбооны сүлжээ, шифр харилцааг улсын хэмжээнд болон хилийн чанадад зохион байгуулж, хяналт тавих;
12.1.10.төрийн болон албаны нууцыг хамгаалах сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах;
12.1.11.төрийн болон албаны нууцыг харилцан солилцох, хамгаалах асуудлаар байгуулах олон улсын гэрээ, хэлэлцээрийн төсөлд санал, дүгнэлт өгөх.
12.2.Энэ зүйлийн 12.1.7-д заасан мэдээллийн санг байгуулах, ашиглах журмыг Засгийн газар батална.
ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦАД ХАМААРУУЛАХ МЭДЭЭЛЭЛ