23 дугаар зүйл. Монгол Улсын хилийн төлөөлөгч

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Монгол Улсын хилийн төлөөлөгч

23.1.Хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээг улсын хилийн тодорхой хэсэгт хэрэгжүүлэх, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын хилийн төлөөлөгч /цаашид "хилийн төлөөлөгч" гэх/, түүний орлогчийг улсын хил хамгаалах байгууллагын дарга томилно.

23.2.Хилийн төлөөлөгч нь туслагч, нарийн бичгийн дарга, орчуулагч, мэргэжилтэнг томилох эрхтэй.

23.3.Хилийн төлөөлөгчийн албаны зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

23.4.Хилийн төлөөлөгч, орлогч, туслагч нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнээс бусад тохиолдолд хил зөрчсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг хил залгаа улсын хилийн байгууллагад хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд саатуулна.

23.5.Хилийн төлөөлөгч нь хил залгаа улсын хилийн төлөөлөгчтэй Монгол Улсын олон улсын гэрээнд заасан арга хэлбэрээр хамтран ажиллана. Хилийн төлөөлөгч хэлэлцээ хийж, шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн асуудлыг хилийн төлөөлөгчийн орлогч, туслагчийн уулзалтаар шийдвэрлэнэ.

23.6.Хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу томилогдсон хилийн төлөөлөгч, орлогч, туслагч, орчуулагч, шинжээч нар албан үүргээ гүйцэтгэх үедээ олон улсын гэрээнд заасны дагуу тухайн улсын хамгаалалтад байж, халдашгүй эрх эдэлнэ.

23.7.Хилийн дэглэмийн гэрээнд заасан хилийн уулзалтын зам нь хилийн боомтын замтай давхацсан тохиолдолд олон улсын гэрээний заалтыг баримтлан уулзалт, хэлэлцээр, хамтарсан шалгалтын болон хилийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнийг саадгүй нэвтрүүлнэ.

23.8.Хилийн төлөөлөгч, түүнийг дагалдан яваа ажилтан нь хил нэвтрэхдээ улсын хил нэвтрэх эрхийн үнэмлэхийг биедээ авч явах бөгөөд Монгол Улсын төрийн далбааг тээврийн хэрэгсэлдээ мандуулна.

23.9.Хилийн төлөөлөгчийг албан үүргээ гүйцэтгэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

23.10.Хилийн төлөөлөгчийн шийдвэрлэх боломжгүй асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ.

Улсын хил орчмын дэглэм

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.