29 дугаар зүйл. Хилийн боомтын удирдлага

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хилийн боомтын удирдлага

29.1.Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Хилийн боомтын Үндэсний зөвлөл ажиллана. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

29.2.Хилийн боомтын Үндэсний зөвлөл нь улсын хил хамгаалалтын, санхүүгийн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, хилийн хяналтын байгууллага, худалдаа, аж үйлдвэрийн танхим, ложистикийн холбооны төлөөллөөс бүрдэх бөгөөд хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 25 -ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

29.3.Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.4.Хилийн боомтын Үндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.4.1.хилийн боомтыг байгуулах, өргөтгөх, боомтын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах;

29.4.2.хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог хангах, хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргах;

29.4.3.хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах;

29.4.4.хилийн боомтыг хөгжүүлэх, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах;

29.4.5.хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг батлах.

29.4.6.хилийн боомтод Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд заасны дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг төлөвлөх, санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

29.5.Хилийн боомтын Үндэсний зөвлөл хэлэлцсэн асуудлаараа тогтоол, зөвлөмж гаргах бөгөөд хилийн хяналтын байгууллага түүний хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тогтоосон хугацаанд хилийн боомтын үндэсний зөвлөлд тайлагнана. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.6.Хилийн боомтын Үндэсний зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнана. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

29.7.Тухайн хилийн боомтод хилийн хяналтын болон тагнуулын, тээврийн байгууллагын төлөөлөл оролцсон хилийн боомтын зөвлөл ажиллах бөгөөд хилийн боомтын зөвлөлийн дарга нь хилийн төлөөлөгч байна.

29.8.Энэ хуулийн 29.4.5-д заасан нийтлэг журамд нийцүүлэн хилийн боомт тус бүрд мөрдөх журмыг тухайн хилийн боомтын зөвлөлийн дарга батална.

29.9.Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангах, боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүрэг бүхий Хилийн боомтын захиргааг Засгийн газар байгуулна. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.10.Энэ хуулийн 29.9-д заасан Хилийн боомтын захиргааны бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаар, үйл ажиллагааны дүрмийг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.11.Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн санал болгосноор Хилийн боомтын захиргааны даргыг Засгийн газар томилж, чөлөөлнө. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.12.Хилийн боомтын захиргаанаас хилийн боомтод төлөөлөгч томилон ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

29.13.Хилийн боомтын захиргаа нь хилийн боомтод цацраг, хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 29.9-д заасан чиг үүргийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. /Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.