28 дугаар зүйл. Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс татгалзах үндэслэл

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

28 дугаар зүйл. Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс татгалзах үндэслэл

28.1.Шүүх доор дурдсан аль нэг үндэслэлээр түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхээс татгалзаж болно:

28.1.1.түр арга хэмжээгээр үүрэг хүлээсэн талын хүсэлтээр дараахь нөхцөлийн аль нэг нь байгаа гэж шүүх үзсэн:

28.1.1.а.энэ хуулийн 49.1.1.а, 49.1.1.б, 49.1.1.в, 49.1.1.г-д заасан үндэслэл байгаа;

28.1.1.б.түр арга хэмжээтэй холбогдуулан санхүүгийн баталгаа гаргах талаар арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг биелүүлээгүй;

28.1.1.в.тухайн арбитрын бүрэлдэхүүн, эсхүл эрх олгогдсон бол арбитрын ажиллагаа харьяалагдах газрын шүүх, эсхүл түр арга хэмжээ авах шийдвэр гаргасан улсын хуулиар уг шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг түдгэлзүүлсэн, цуцалсан.

28.1.2.шүүх дараахь нөхцөл байдлын аль нэгийг тогтоосон:

28.1.2.а.шүүх түр арга хэмжээний гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний үндсэн агуулгад өөрчлөлт оруулахгүйгээр өөрийн эрх хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамдаа нийцүүлэн түр арга хэмжээг өөрчлөн томьёолохоор шийдвэрлэснээс бусад тохиолдолд уг түр арга хэмжээ нь шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй байгаа;

28.1.2.б.энэ хуулийн 49.1.2.а, 49.1.2.б-д заасан аль нэг үндэслэл нь түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхэд хамаарч байгаа.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан аль нэг үндэслэлээр шүүхээс гаргасан шийдвэр нь гагцхүү түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэхэд хүчин төгөлдөр үйлчилнэ. Түр арга хэмжээг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай өргөдөл хүлээн авсан шүүх нь шийдвэр гаргахдаа тухайн түр арга хэмжээний үндсэн агуулгыг хянахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.