3 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа
3.1.Арбитрын ажиллагаа гэдэгт байнгын, эсхүл түр арбитраас явуулж байгаа арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.
3.2.Олон улсын арбитрын ажиллагаанд дараахь арбитрын ажиллагаа хамаарна:
3.2.1.арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
3.2.2.арбитрын хэлэлцээрт заасан, эсхүл түүнд тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяалал нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
3.2.3.арилжааны харилцаанаас үүсэх үүргийн ихэнхийг гүйцэтгэх газар, эсхүл маргааны зүйлтэй илүү холбоотой газар нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
3.2.4.арбитрын хэлэлцээрээс үүсэх харилцаа нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа.
3.3.Энэ хуулийн 3.2-т заасныг тодорхойлохдоо:
3.3.1.аль нэг тал үйл ажиллагаагаа хэд хэдэн газар явуулдаг бол арбитрын хэлэлцээрт илүү холбоотойг нь үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ;
3.3.2.аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол түүний байнгын оршин байгаа газрыг үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ.
3.4.Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг ойлгоно.