271 дугаар зүйл. Онцгой комиссын бүрэн эрх

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

271 дугаар зүйл. Онцгой комиссын бүрэн эрх

/Энэ зүйлийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

271.1.Улсын онцгой комисс гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

271.1.1.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих;

271.1.2.гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас тогтоосон чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10.4, 10.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих;

271.1.3.гамшгаас хамгаалах алба, орон нутгийн онцгой комисс, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах асуудлаар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох;

271.1.4.гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар тогтоол, албан даалгавар, тушаал гаргах;

/Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

271.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Засгийн газарт танилцуулах;

271.1.6.шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах шуурхай штабыг, орон нутагт шуурхай бүлгийг байгуулж, ажиллуулах;

271.1.7.шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага, хуулийн этгээдийн мэдээллийг сонсох.

271.1.8.гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг нөхөн олговортойгоор дайчлан гаргах.

/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

271.1.9.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

271.2.Орон нутгийн онцгой комисс нь энэ хуулийн 271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7, 271.1.8-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

271.3.Онцгой комиссын шийдвэр, тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг сахин мөрдөхийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнээс шаардана.

271.4.Шуурхай штаб, шуурхай бүлгийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын, орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлнэ.

271.5.Улсын онцгой комиссын өдөр тутмын үйл ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

271.6.Улсын онцгой комисс нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудастай байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.