42 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллага, түүний тогтолцоо

ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

42 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллага, түүний тогтолцоо

42.1.Онцгой байдлын байгууллага нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллага мөн.

42.2.Онцгой байдлын байгууллага мэргэжлийн, нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байна.

42.3.Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, штаб, бүсийн төв, аймаг, нийслэл, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, бүлэг, олон улсын болон агаарын эрэн хайх, аврах баг, эрэлч нохойн алба, шуурхай удирдлага-зарлан мэдээллийн төв, ар тал, тээвэр-ложистик, бүтээн байгуулалт-барилга байгууламж, техник засвар, үйлчилгээ, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үйлдвэр, эмнэлэг-сувилал, судалгаа шинжилгээ, сургалт, туршилт үйлдвэрлэл, архив, спорт, соёл урлаг болон бусад нэгжтэй байна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

42.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг газар зүйн онцлог, хүн амын нягтрал, аюулт үзэгдэл, ослын давтамж, хамрах цар хүрээг харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дэргэд Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

42.4.1.энэ хуулийн 42.4-т заасан төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дэргэд байгуулсан онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн үйл ажиллагааны бүх зардлыг тухайн байгууллага бүрэн хариуцах.

/Энэ заалтыг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

42.5.Онцгой байдлын байгууллагын төсвийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

42.6.Онцгой байдлын байгууллага нь тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хоёр дэд даргатай байна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

42.7.Нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

42.8.Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

42.9.Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах чиг үүрэг бүхий салбар, нэгжийн техник, багаж хэрэгслийн төрөл, хангамжийг стандартаар тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.