50 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа
50.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн алба хаасан хугацааг тооцохдоо алба хаасан зургаан сар тутмыг найман сард дүйцүүлэн тооцно /дүйцүүлэн тооцох хугацааг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно/.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
50.2.Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно.
50.3.Албан үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс алба хаагч болон бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг төр хариуцна.
50.4.Онцгой байдлын байгууллагын алба хаагч цацраг идэвхт, химийн хортой болон аюултай бодис, далд уурхай, ой, хээрийн түймэр, халдварт өвчин, цар тахлын голомт, усны ослын үед ажилласан тохиолдолд хордлого тайлах болон сэтгэл зүй, бие бялдрын нөхөн сэргээх, сувилах үйлчилгээнд хамрагдана.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
50.5.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин хүртэл нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно.
50.6.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэвэл мөнгөн урамшуулал олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг санхүү, төсвийн болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
50.7.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийг гэнэтийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд заавал даатгуулах бөгөөд зардлыг төр хариуцна.
50.8.Онцгой байдлын байгууллагын алба хаагч нь мэргэшлийн зэрэгтэй байх бөгөөд мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.
50.9.Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийн хэмжээ албан тушаалын үндсэн цалингийн 30 хувиас доошгүй байна.
/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
50.10.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулбал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг улирал тутамд олгоно.
50.11.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа онцгой байдлын байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгоно. /Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
50.12.Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгоно. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
50.13.Энэ хуулийн 50.10, 50.11, 50.12-т заасан нэмэгдэл, мөнгөн урамшуулал, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
50.14.Онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын алба хаагчийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад төрийн тусгай алба хаасан хугацаанд оруулан тооцно. /Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийн дугаарт 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./
аравдугаар бүлэг
ГАМШГААС ХАМГААЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ САНХҮҮЖИЛТ