14 дугаар зүйл. Цагдаагийн төв байгууллагын үүрэг
14.1.Цагдаагийн төв байгууллага нь агентлагийн нийтлэг чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:
14.1.1.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон хууль тогтоомжийн талаар санал боловсруулах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.1.2.гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах харилцан уялдаа бүхий цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
14.1.3.цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, алба хаагч, ажилтан гэмт хэрэг, зөрчил үйлдэх, ёс зүй, сахилгын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авах, цагдаагийн албаны дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах;
14.1.4.цагдаагийн албаны үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээг ашиглах, мэдээлэл дамжуулах, нийтийн эзэмшлийн газарт дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад хяналтын систем нэвтрүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
14.2.Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:
14.2.1.гэмт хэрэг үйлдсэн газраас ул мөр, баримт сэлт илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, адилтгал хийх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
14.2.2.хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах аргачлал, бодлого боловсруулж хэрэгжүүлэх, дүн шинжилгээ хийх;
14.2.3.энэ хуулийн 61.1-д заасан мэдээллийн сан үүсгэх, ашиглах, шинжилгээ хийх, дүгнэлт гаргах;
14.2.4.гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл боловсруулах, цагдаагийн байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
14.2.5.олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад улсын цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр цагдаагийн байгууллагыг хангах;
14.2.6.энэ хуулийн 10.1, 13.1.4, 13.1.5-д заасан үүргийн биелэлтийг хангах.
14.3.Цагдаагийн төв байгууллага нь нийтийн хэв журам хамгаалах чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:
14.3.1.эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаанд хяналт тавих, эдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны төлөвлөгөө, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
14.3.2.олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны бодлого, арга зүйг нэгтгэн зохион байгуулах;
14.3.3.гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх, эргүүлийн үйл ажиллагааны төлөвлөгөө, стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмж боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
14.3.4.зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, заавар, зөвлөмжийг хуульд нийцүүлэн боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
14.3.5.нутгийн захиргааны болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
14.3.6.энэ хуулийн 11.1, 13.1.2, 13.1.3, 13.1.6, 13.1.7, 13.1.8-д заасан үүргийн биелэлтийг хангах.
14.4.Цагдаагийн төв байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд дараахь үүрэг гүйцэтгэнэ:
14.4.1.энэ хуулийн 12.1-д заасан үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрийг хэрэгжүүлэх бодлого, арга зүй, үйл ажиллагааны стандарт, дүрэм, журам, заавар, зөвлөмжийг боловсруулах, боловсронгуй болгох, биелэлтийг хангах;
14.4.2.хуульд заасны дагуу алба хаагчийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;
14.4.3.энэ хуулийн 13.1.8-д заасан үүргийн биелэлтэд хяналт тавих.
14.5.Цагдаагийн төв байгууллага энэ хуулийн 14.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, ажилтны үйл ажиллагаанд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тэдгээрт холбогдох хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангана. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14.6.Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтан нь эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн байгууллагын алба хаагч, ажилтны өдөр тутмын ажилд хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилга, хүний эрх, эрх чөлөөг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ авна.