3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гэмт хэрэгтэй тэмцэх" гэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, мөрдөн шалгах зорилгоор хуульд заасан ажиллагаа явуулахыг;
3.1.2."нийтийн хэв журам хамгаалах" гэж гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг;
3.1.3."олон нийтийн аюулгүй байдлыг хангах" гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, улс орны эрх ашигт ноцтой хор уршиг, хохирол учруулж болзошгүй аюулыг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх цогц үйл ажиллагааг;
3.1.4."үндэслэл бүхий сэжиг" гэж цагдаагийн алба хаагч өөрт ил болсон тодорхой үйл явдал, мэдээ баримт, тухайн нутаг дэвсгэрийн онцлог, гэмт хэрэг, зөрчлийн гаралтын түвшин, сэжигтэй хүн, хуулийн этгээдийн байдал, үйл ажиллагаа зэргийг үнэлэн энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэх дүгнэлтэд хүрэх нөхцөл байдлыг;
3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж цагдаагийн алба хаагчийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн болон дагавар, үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач, зээг;
3.1.6."биеийн хүч хэрэглэх" гэж цагдаагийн алба хаагч өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг.