52 дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх
52.1.Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
52.1.1.өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй халдлагыг таслан зогсоох;
52.1.2.гэмт хэрэг, зөрчлийн үйлдлийг таслан зогсоох, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн этгээдийг баривчлах;
52.1.3.зэвсэглэсэн болон зэвсэг хэрэглэн эсэргүүцэж болзошгүй хүнийг баривчлах;
52.1.4.баривчлагдсан хүнийг эрүүл мэндийн болон холбогдох байгууллагад албадан хүргэх, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх;
52.1.5.хяналтад байгаа хүн амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, оргон зайлахаас урьдчилан сэргийлэх;
52.1.6.сэтгэцийн эмгэг, сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас өөрийгөө удирдах чадваргүй, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүн догшин, хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
52.1.7.албаны болон бусдын орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;
52.1.8.олон нийтийн арга хэмжээний үед нийтийн хэв журам хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй;
52.1.9.нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих, эсхүл нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, хууль бус жагсаал, цуглааныг албадан тараах;
52.1.10.тээврийн хэрэгслийг зогсоох эрх бүхий албан тушаалтны шаардлагыг үл биелүүлэн зугтаасан;
52.1.11.энэ хуульд галт зэвсэг хэрэглэхээр заасан бусад.
52.2.Доор дурдсанаас бусад тохиолдолд жирэмсэн, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:
52.2.1.цагдаагийн алба хаагч болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар зэвсэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
52.2.2.галт зэвсэг, эсхүл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох зүйлээр зэвсэглэсэн хүн зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлсэн, эсэргүүцсэн;
52.2.3.амиа хорлож болзошгүй.
52.3.Цагдаагийн алба хаагч нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг тухайн нөхцөл байдалд тохируулан бие даан гаргана.