4 дугаар зүйл. Нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“дотоодын цэргийн алба хаагч” гэж цэргийн тангараг өргөж, дотоодын цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.2."дотоодын цэргийн гэрээт алба хаагч" гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр дотоодын цэрэгт цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.1.3."улсын онц чухал обьект" гэж Монгол Улсын Засгийн газраас /цаашид "Засгийн газар" гэх/ тогтоосон онцгой ач холбогдол бүхий байгууллага, үйлдвэр, барилга байгууламжийг;
4.1.4.“обьектын хамгаалалт” гэж обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хамгаалж байгаа обьектод нэвтрэх хүн, эд зүйл, тээврийн хэрэгслийг шалгах, хамгаалалтын бүсэд тогтоосон дэглэм, журмыг сахиулах цогц үйл ажиллагааг; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.5."дотоодын цэргийн алба-ажиллагаа" гэж улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход оролцох болон хуулиар тогтоосон бусад үүргийг хэрэгжүүлэхээр явуулж байгаа цогц ажиллагааг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ ДОТООДЫН ЦЭРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА