19 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

19 дугаар зүйл. Төлөөлөн удирдах зөвлөл

19.1.Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

19.2.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчид нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгон гурван жилийн хугацаагаар томилж, Компанийн тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.

19.3.Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхийн саналаар томилно.

19.4.Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 50-аас дээш хувийг тухайн төсвийн жилийн хугацаанд өөрчлөхийг хориглоно.

19.5.Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь дараахь шалгуурыг хангасан байна:

19.5.1.зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

19.5.2.банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;

19.5.3.ял шийтгэлгүй байх;

19.5.4.төрийн улс төрийн албан тушаал хашдаггүй байх;

19.5.5.эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;

19.5.6.банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;

19.5.7.зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;

19.5.8.санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх.

19.6.Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн нь энэ хуулийн 19.5, Компанийн тухай хуулийн 79.1-д зааснаас гадна дараахь шалгуурыг хангасан байна.

19.6.1.төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх, сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал хашиж байгаагүй;

19.6.2.банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;

19.6.3.банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.