31 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
31.1.Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч, эсхүл холбогдох улсын байцаагч доор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:
31.1.1.энэ хуулийн 10.1-т заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
31.1.2.энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан хяналт шалгалтад саад учруулсан бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
31.1.3.төлбөр тооцооны баримтыг нуун дарагдуулсан буюу гүйлгээг саатуулсан ажилтан, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас дөч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
31.1.4.тайлан тэнцэл, мэдээ баримтыг зохих хууль, журмын дагуу гаргаж өгөөгүй буюу энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу холбогдох байгууллагад хүргүүлээгүй, нийтэд мэдээлэх санхүүгийн тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийтэд мэдээлээгүй бол албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
31.1.5.нийтлүүлсэн тайлан, мэдээлэлд хуурамч, худал, ташаа мэдээлэл агуулагдсан бол уг тайлан, мэдээллийг баталгаажуулсан Гүйцэтгэх захирал, эрх бүхий бусад албан тушаалтныг тус бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас хоёр зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
31.1.6.энэ хуулийн 8.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг далан таваас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.