8 дугаар зүйл. Зөвлөлдөх зөвлөл, түүний чиг үүрэг

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Зөвлөлдөх зөвлөл, түүний чиг үүрэг

8.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна.

8.2.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

8.3.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна.

8.4.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.

8.5.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд тухайн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг товлон тогтоох бөгөөд уг хугацаа 7-оос доошгүй 14 хоногоос дээшгүй байна.

8.6.Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно.

8.7.Ирүүлсэн саналын дагуу нэр дэвшигчийн жагсаалт үйлдэж олон нийтэд мэдээлнэ.

8.8.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд энэ хуулийн 8.6-д заасан этгээдээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүний тоонд нийцүүлэн томилно.

8.9.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо эрх бүхий этгээд бүрэлдэхүүнийг сонгох болсон үндэслэл, шалтгааныг дурдаж олон нийтэд мэдээлнэ.

8.10.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон байнгын ажил эрхэлдэг иргэнд тухайн байгууллага цалинтай чөлөө олгоно.

8.11.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах ажил эрхэлдэггүй иргэнд урамшуулал олгож болох ба урамшууллын хэмжээг шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгын төсөвт тусган тогтооно.

8.12.Зөвлөлдөх зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.12.1.зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, хамрах хүрээ, тухайн зөвлөлдөх санал асуулгын үе шат бүрийн санал авах өдрийг тогтоох;

8.12.2.зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах;

8.12.3.зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхий этгээдэд санал болгох;

8.12.4.зөвлөлдөх санал асуулгын дүнг хэлэлцэж, зөвлөмж гаргах;

8.12.5.зөвлөлдөх санал асуулгын талаархи мэдээллийг олон нийтэд хүргэх;

8.12.6.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих.

8.13.Зөвлөлдөх зөвлөл асуудлын хамрах хүрээ, ач холбогдлоос хамаарч шаардлагатай гэж үзвэл зөвлөлдөх санал асуулгын асуулт, зөвлөлдөх санал асуулга явуулах зохион байгуулалт, үйл явц энэ хуульд заасан зарчим, журмын дагуу явагдсан эсэх, маргаантай холбогдсон асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий техникийн хяналтын комиссыг ажиллуулж болно.

8.14.Энэ хуулийн 8.13-т заасан техникийн хяналтын комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Зөвлөлдөх зөвлөл батална.

8.15.Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албыг байгуулж, үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.