17 дугаар зүйл. Бүсийн хэлэлцээр
17.1. Улсын болон бүс нутгийн хөгжлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд Засгийн газар, түүнийг төлөөлж тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл төрийн захиргааны холбогдох төв байгууллага, бүсийн хэмжээнд Зөвлөл нь бүсийн хэлэлцээрийг байгуулан ажиллаж болно. /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
17.2.Бүсийн хэлэлцээрээр дор дурдсан асуудлыг зохицуулна:
17.2.1.улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр тухайн бүсэд дэд бүтцийг байгуулах;
17.2.2.тухайн бүсийн байгалийн баялгийг зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах;
17.2.3.тухайн бүсийн хэмжээнд хүн амын суурьшил, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах;
17.2.4.бүсийн хөгжлийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, хотуудыг тохижуулж хөгжүүлэх;
17.2.5.гадаад улс, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;
17.2.6.тухайн бүсээс экспортод нийлүүлэх бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээ, зах зээлийг зохицуулах.
17.3.Бүсийн хэлэлцээр байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно.
17.4.Бүсийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд тодорхойлсон нөхцөл, болзлын дагуу талууд тохиролцсоноор шийдвэрлэх бөгөөд түүний биелэлтэд оролцогч талууд, Засгийн газар, Зөвлөл хяналт тавина.
17.5.Бүсийн хэлэлцээрээр нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хөндөж байвал уг асуудлаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөж нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байна.