16 дугаар зүйл. Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах
16.1.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, дугаар авсан байна.
16.2.Энгийн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаанд хяналт тавих төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулсан байна.
16.3.Аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, байгууллагын удирдлага болон орон нутгийн онцгой байдлын газраар батлуулсан байна.
16.4.Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын дүрэм боловсруулж, байгууллагын удирдлагаар батлуулсан байна.
16.5.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ажилтан тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамрагдаж, шалгалтанд тэнцсэн байна.
16.6.Сэргээн ашигласан, дахин боловсруулсан, устгасан, булшилсан хог хаягдлын бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлнэ.
16.7.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн байршлыг хэд хэдэн аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл хамтран тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
16.8.Ногоон байгууламж, амралт, аялал жуулчлал, зуслан, орон сууц, олон нийтийн бүс, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн тэжээгдлийн мужийн дотор, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон болон бусад хууль тогтоомжоор хориглосон газарт энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламж байгуулахыг хориглоно.
16.9.Хог хаягдлыг сэргээн ашиглаж дулаан, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулахад эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.