24 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг тээвэрлэх
24.1.Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхэлнэ.
24.2.Аюултай хог хаягдал тээвэрлэгч аюултай хог хаягдал үүсгэгчээс тэмдэг, тэмдэглэгээтэй зориулалтын саванд савласан, хог хаягдлын дагалдах бичигтэй аюултай хог хаягдлыг гэрээний үндсэн дээр хүлээн авч тээвэрлэнэ.
24.3.Аюултай хог хаягдал тээвэрлэгч хог хаягдлын дагалдах бичгийг бүрэн зөв бөглөгдсөн эсэхийг шалгаж хүлээн авна.
24.4.Аюултай хог хаягдал тээвэрлэгч хог хаягдлын дагалдах бичгийг хүлээн авагчид хог хаягдлын хамт хүлээлгэн өгнө.
24.5.Аюултай хог хаягдал тээвэрлэгч тээвэрлэлтийн үеийн аюулгүй байдал болон аюултай хог хаягдлын сав баглаа боодол, тоо хэмжээний бүрэн бүтэн байдлыг хариуцна.
24.6.Аюултай хог хаягдал тээвэрлэгч аюултай хог хаягдал асгарах, алдагдах үед ашиглах багаж хэрэгсэл, материалаар тээврийн хэрэгслийг хангасан байна.
24.7.Аюултай хог хаягдал үүсгэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас аюултай хог хаягдлын дагалдах бичиг, төрөл, тоо хэмжээнд үл зохицол үүсвэл аюултай хог хаягдал хүлээн авагч уг хаягдлыг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж болно.
24.8.Энэ хуулийн 24.7-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд хог хаягдлыг аюултай хог хаягдал үүсгэгчид буцааж хүргэхтэй холбогдон гарах зардлыг тухайн аюултай хог хаягдал үүсгэгч хариуцна.
24.9.Тээвэрлэлтийг нэгээс дээш аюултай хог хаягдал тээвэрлэгч гүйцэтгэвэл эцсийн тээвэрлэгчээс бусад тээвэрлэгчид хог хаягдлын дагалдах бичгийн хуулбарыг хадгална.
24.10.Нийцгүй аюултай хог хаягдлыг хамт тээвэрлэхийг хориглоно.
24.11.Аюултай хог хаягдлыг "Аюултай хог хаягдал" гэсэн бичиглэл, стандартад заасан анхааруулах тэмдэг байрлуулсан, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ба аюултай хог хаягдлыг ачих, буулгах, тээвэрлэхэд энэ хуулийн 7.1.2-т заасан журмыг мөрдөнө.
24.12.Аюултай хог хаягдал тээвэрлэгч нь аюултай хог хаягдал тээвэрлэдэг тээврийн хэрэгслийг цэвэрлэх, ариутгах байгууламжтай байна.
24.13.Тээвэрлэлтийн үед аюултай хог хаягдал асгарсан тохиолдолд аюултай хог хаягдал үүсгэгч болон тухайн орон нутгийн онцгой байдлын албанд мэдэгдэнэ.