26 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх

ХОГ ХАЯГДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх

26.1.Энэ хуулийн 37.1-д заасан зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхэлж, дараахь шаардлагын дагуу ажиллана.

26.1.1.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсэж болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байна.

26.1.2.орон нутгийн цагдаа, онцгой байдлын газар, эрүүл мэндийн байгууллагатай аюул, ослын үед хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана.

26.1.3.ажилчдыг тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамруулна.

26.1.4.энэ хуулийн 26.1.3-т заасан сургалтад хамрагдаагүй ажилтныг бие даалган ажлын байранд ажиллуулахыг хориглоно.

26.1.5.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг боловсруулж, орон нутгийн онцгой байдлын газраар батлуулна.

26.1.6.аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууламж нь онцгой байдлын зохицуулагчтай байна.

26.1.7.аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө хэрэгжүүлсэн тохиолдол бүрд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи тайланг аюул, осол гарснаас хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын онцгой байдлын газар болон хог хаягдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

26.2.Аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүний хаягдал цуглуулах үйл ажиллагааг аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үзнэ.

26.3.Онцгой байдлын зохицуулагч аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.