4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хог хаягдал" гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг;
4.1.2."аюултай хог хаягдал" гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг;
4.1.3."энгийн хог хаягдал" гэж аюултай хог хаягдлаас бусад хог хаягдлыг;
4.1.4."ахуйн хог хаягдал" гэж айл өрхөөс гарах энгийн хог хаягдлыг;
4.1.5."овор хэмжээ ихтэй хог хаягдал" гэж 0.75 куб метрээс дээш эзлэхүүнтэй хог хаягдлыг;
4.1.6."нийтийн эзэмшлийн эд хөрөнгө" гэж нийтийн эдэлбэр газар байрлуулсан хашаа, хайс, гэрэлтүүлэг, тэмдгийн шон, хөшөө дурсгал, замын байгууламж, ногоон байгууламжийг;
4.1.7."хог хаягдал ангилах" гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг;
4.1.8."хог хаягдал цуглуулах" гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор эх үүсвэрээс төвлөрүүлэхийг;
4.1.9."хог хаягдал хадгалах" гэж байгаль орчин, хүн амьтанд сөрөг нөлөөлөлгүйгээр хог хаягдлыг савлаж байршуулахыг;
4.1.10."хог хаягдал дахин ашиглах" гэж ашиглагдаж байсан зорилгоор нь хог хаягдлыг эргүүлэн хэрэглээнд оруулахыг;
4.1.11."хог хаягдал сэргээн ашиглах" гэж хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэх, эсхүл нэрэх, цэвэрлэх, сэргээх зэрэг аргаар анхны хэлбэрт оруулж, ашиглахыг;
4.1.12."хог хаягдал дахин боловсруулах" гэж хог хаягдлаас шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;
4.1.13."хог хаягдлыг шатаах" гэж хог хаягдлыг зориулалтын байгууламжид шатааж, задлахыг;
4.1.14."хог хаягдлыг булшлах" гэж хог хаягдлыг газарт булж хадгалахыг;
4.1.15."биологийн боловсруулалт" гэж бичил биетээр бохирдуулагчийг устгах болон хоргүйжүүлэхийг;
4.1.16."хими-физикийн боловсруулалт" гэж химийн болон физикийн боловсруулалтыг хослуулан хэрэглэхийг;
4.1.17."химийн боловсруулалт" гэж химийн бодис ашиглаж хоргүйжүүлэхийг;
4.1.18."физикийн боловсруулалт" гэж шүүх, тунадасжуулах, шингээх, нэрэх зэрэг аргаар бохирдуулагчийг цэвэрлэхийг;
4.1.19."халдваргүйжүүлэх" гэж химийн болон физикийн аргаар халдвартай бичил биетийг устгахыг;
4.1.20."хог хаягдлыг устгах" гэж хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх зорилгоор ландфиллд булшлах, биологийн болон хими, физикийн аргаар боловсруулах, шатаах, халдваргүйжүүлэх, савлаж хадгалахыг;
4.1.21."хог хаягдал шатаах зориулалтын байгууламж" гэж хог хаягдлыг өндөр хэмд, хяналттай шатаах төхөөрөмж бүхий байгууламжийг;
4.1.22."ландфилл" гэж хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг;
4.1.23."хог хаягдлын төвлөрсөн цэг" гэж хог хаягдал төвлөрүүлж, булшлах зөвшөөрөгдсөн газрыг;
4.1.24."аюултай хог хаягдлын дагалдах бичиг" гэж батлагдсан журмын дагуу бөглөж, гарын үсэг зурж, баталгаажуулсан тээврийн баримт бичгийг;
4.1.25."хог хаягдлын норматив" гэж нэгж үйлдвэрлэл, үйлчилгээ, иргэнээс үүсэх хог хаягдлын тогтоосон хэмжээг;
4.1.26."хог хаягдлыг эх үүсвэр дээр бууруулах" гэж хог хаягдал бага үүсгэдэг, үр ашигтай, удаан хугацаанд ашиглах боломжтой бүтээгдэхүүн импортлох, хэрэглэх болон хог хаягдалгүй эсхүл хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг;
4.1.27."дахивар нөөц" гэж дахин ашиглагдах, дахин боловсруулах, сэргээн ашиглагдах хог хаягдлыг;
4.1.28."хог хаягдлын талаархи боловсрол" гэж хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хог хаягдлын менежментийн арга, технологи болон хог хаягдалтай зохистой харьцах мэдлэг, дадал олгох, албан болон албан бус сургалтын агуулгын түвшинг;
4.1.29."бүтээгдэхүүний амьдралын мөчлөг" гэж бүтээгдэхүүн материалыг үйлдвэрлэснээс эхлээд устгах хүртэлх хугацааг;
4.1.30."бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн схем" гэж бүтээгдэхүүний амьдралын мөчлөг дэх үе шат нэг бүрийг харуулсан үгэн болон зурган тайлбарыг;
4.1.31."хог хаягдлын үйлчилгээний хураамж" гэж хог хаягдлыг цуглуулж тээвэрлэх, булшлахад шаардагдах зардлын хувь хэмжээг харгалзан тогтоосон татварыг;
4.1.32."аюултай хог хаягдлын үйлчилгээний хөлс" гэж аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хадгалах, устгахад шаардагдах зардлын мөнгөн дүнг;
4.1.33."хог хаягдлыг ил шатаах" гэж хог хаягдлыг ил задгай, зориулалтын бус байгууламжид шатаахыг;
4.1.34."хамгийн боломжит арга технологи" гэж хог хаягдлын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах хамгийн үр дүнтэй, эдийн засгийн болон технологийн хувьд хэрэгжүүлэх боломжтой арга, техник, технологийг;
4.1.35."хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй арга ажиллагаа" гэж байгаль орчны бодлого болон хяналтыг хамгийн оновчтой байдлаар хослуулан хэрэглэхийг;
4.1.36."тээврийн хэрэгслийн хог хаягдал" гэж тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл, тэдгээрийг задлахад үүсэх хог хаягдлыг;
4.1.37."барилгын хог хаягдал" гэж барилгын суурь бэлтгэх, барилга барих, засварлах, буулгах болон авто зам барих, засварлахад үүсэх хог хаягдал, явган хүний зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, инженерийн шугам сүлжээ тавих, засварлах, солих үед үүсэх хог хаягдал болон барилгын материалын худалдаа, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг;
4.1.38."аюултай хог хаягдал үүсгэгч" гэж үйл ажиллагаа болон үйлдвэрлэлээс нь аюултай хог хаягдал үүсдэг аж ахуйн нэгж, байгууллагыг;
4.1.39."аюултай хог хаягдал хүлээн авагч" гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгчийг;
4.1.40."аюултай хог хаягдал тээвэрлэгч" гэж аюултай хог хаягдлыг үүсгэгч болон өмчлөгчөөс тээврийн хэрэгслээр хүлээн авагчид хүргэх үйл ажиллагаа эрхлэгчийг;
4.1.41."аюултай хог хаягдал хариуцсан ажилтан" гэж хэвийн болон аюул, осол гарсан үед аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах ажилтныг;
4.1.42."нийцгүй хог хаягдал" гэж агуулж байгаа саваа идэж гэмтээдэг, эсхүл бусад хог хаягдалтай хольсноос дулаан ялгаруулдаг, даралт нэмэгдүүлдэг, галын болон тэсрэх аюул үүсгэдэг, эрчимтэй урвалд ордог, хортой тоос, утаа, манан, хий болон шатамхай хий, уур үүсгэдэг аюултай хог хаягдлыг;
4.1.43."аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүн" гэж бүтнээрээ байхдаа аюултай шинж чанаргүй боловч, задалж салгасны дараа зарим хэсэг нь аюултай шинж чанартай хог хаягдал үүсгэдэг эд юмсыг;
4.1.44."аюул, ослын үед ажиллах төлөвлөгөө" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчинд аюултай хог хаягдал асгарах, алдагдах болон тэсэрч дэлбэрэх, галын аюул гарах үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах, хэрэгжүүлэх, зохицуулах арга хэмжээг төлөвлөж, тодорхойлсон баримт бичгийг;
4.1.45."онцгой байдлын зохицуулагч" гэж аюул, ослын үед ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах ажилтныг;
4.1.46."аюултай хог хаягдал алдагдах" гэж аюул, ослын үед аюултай хог хаягдал хөрс, ус руу асгарах, алдагдах, эсвэл зориудаар аюултай хог хаягдлыг хөрс, ус руу хаях, асгах, нийлүүлэх, шахах, ялгаруулахыг;
4.1.47."бүрэн хаах" гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн үйл ажиллагааг зогсоож, зохих шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүйгээр хаах арга хэмжээ авахыг;
4.1.48."хэсэгчлэн хаах" гэж аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах байгууламжийн үйл ажиллагааны нэг хэсгийг зохих шаардлагын дагуу хааж, зарим хэсэг нь уг ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахыг;
4.1.49."ландфиллд хэсэгчлэн булшлах" гэж аюултай хог хаягдлыг доторлогооны материалаар тусгаарлан хэсэгчлэн хаах үйл ажиллагааг;
4.1.50."ландфиллын үүр" гэж хэсэгчлэн булшилсан ландфиллын хэсэг эзлэхүүнийг;
4.1.51."шүүрэл" гэж аюултай хог хаягдлаас ялгарсан шингэнийг;
4.1.52."чөлөөт шингэн" гэж хэвийн даралт болон температурын үед хаягдлын хатуу хэсгээс салгах боломжтой шингэнийг;
4.1.53."нийлэг материал" гэж хуванцар, резин зэрэг органик полимер материалыг.
4.1.54.“гарын үсэг” гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг. /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./