9 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, хотын Зөвлөл, хотын Захирагчийн бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ зүйлийн гарчигт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.1.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.1.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
9.1.2.хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийг баталж, биелэлтэд хяналт тавих;
9.1.3.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмыг баталж, мөрдүүлэх;
9.1.4.энэ хуулийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг батлах;
9.1.5.энэ хуулийн 40.4, 40.9, 40.10-т заасан урамшууллыг олгох шалгуур үзүүлэлт, урамшууллын хэмжээ, түүнийг олгох, санхүүжүүлэх, зарцуулах журмыг батлах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.Хог хаягдлын талаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, oрон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл энэ хуулийн 9.1.1-д зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.2.1.энэ хуулийн 8.7.2-т заасан аргачлалын дагуу энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг батлах;
9.2.2.энэ хуулийн 8.7.1-д заасан аргачлалын дагуу тухайн нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох.
9.3.Хог хаягдлын талаар аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.3.1.хог хаягдлын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
9.3.2.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.22-т заасан зөвшөөрөл олгох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.3.энэ хуулийн 9.3.2-т заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгох; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.3.4.хог хаягдлын менежментийг сайжруулах орон нутгийн хөтөлбөрийн биелэлтийг хангах;
9.3.5.энэ хуулийн 8.1.3-т заасан журмын дагуу хог хаягдлын тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд ирүүлэх;
9.3.6.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт, шалгалтыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах;
9.3.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавих;
9.3.8.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, олон улсын зээл, тусламжаар байгуулсан хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, булшлах, устгах байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
9.3.9.хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор ангилан ялгах, дахивар нөөц цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг зохион байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
9.3.10.хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учирсан эсхүл болзошгүй аюул үүсэх нөхцөл бүрдсэн тохиолдолд тархалтыг зогсоох, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авах;
9.3.11.нутаг дэвсгэрийн хэмжээнд хөрс бохирдуулагч жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, шаардагдах зардлыг шийдвэрлэх;
9.3.12.хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах, мөнгөн урамшуулал олгох журмыг батлах;
9.3.13.энэ хуулийн 411 дүгээр зүйлд заасан төсөл хэрэгжүүлэх; /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.3.14.хууль тогтоомжид заасан бусад. /Энэ заалтын дугаарт 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9.4.Хог хаягдлын талаар сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хотын Захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.4.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
9.4.2.энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулах;
9.4.3.нутаг дэвсгэрт хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг энэ хуулийн 9.4.2-т заасны дагуу зохион байгуулах;
9.4.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжаас төвлөрсөн орлогыг энэ хуулийн 41.9-д заасны дагуу зарцуулах;
9.4.5.нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх;
9.4.6.энэ хуулийн 42.3, 42.4-т заасан хог хаягдлын талаархи боловсрол олгох сургалт, сурталчилгааг зохион байгуулах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
9.4.7.хог хаягдлын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах;
9.4.8.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;
9.4.9.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
9.4.10.энэ хуулийн 9.5.7-д заасан иргэдийн бүлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
9.4.11.нийтийн эдэлбэр газарт хогийн савыг хүртээмжтэй тоогоор байрлуулах;
9.4.12.нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хилийн заагийг тогтоох;
9.4.13.энэ хуулийн 9.3.11-д заасан эрхийг хэрэгжүүлэх;
9.4.14.энэ хуулийн 9.3.12-т заасан журмын дагуу ажиллах хог хаягдлын олон нийтийн байцаагчийн урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж, батлуулах, зарцуулалтад хяналт тавих.
9.5.Хог хаягдлын талаар баг, хорооны Засаг дарга, тосгоны Захирагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
9.5.1.нутаг дэвсгэрийн хэмжээнд хог хаягдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
9.5.2.хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;
9.5.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төлөлтөд хяналт тавих;
9.5.4.хог хаягдлын үйлчилгээний хураамжийн төвлөрүүлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
9.5.5.хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих;
9.5.6.хог хаягдлын талаархи олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах;
9.5.7.хог хаягдлыг бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах.