14 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг

НЯЛХ, БАЛЧИР ХҮҮХДИЙН ХҮНСНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

14 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн салбар зөвлөлийн чиг үүрэг

14.1.Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангахад эрүүл мэнд, хүнс, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэх асуудлын хүрээнд хамтарч ажиллана.

14.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүрэгтэй:

14.2.1.Хүнсний тухай хуулийн 5.1-д заасан хүнс, үндсэн шимт бодис, эрдэс, аминдэмийн зохистой хэмжээг үндэслэн нялх, балчир хүүхдийг хооллох зааврыг батлах, хэрэгжүүлэх;

14.2.2.эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.3.энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх.

14.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутагт өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдийн хүнс үйлдвэрлэхийг дэмжиж, урамшуулна.

14.4.Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн эх, хүүхдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжүүлнэ.

14.5.Нялх, балчир хүүхдийн хүнсний аюулгүй байдлыг хангах ажлыг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл гэх"/ Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дэргэд ажиллах бөгөөд салбар зөвлөлийн дарга нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.

14.6.Салбар зөвлөл дараахь чиг үүрэгтэй:

14.6.1.хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэр гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.6.2.энэ хууль болон холбогдох бусад шийдвэрийг зөрчсөн зөрчлийг илрүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх, эрх бүхий байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

14.6.3.хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжсэн шийдвэр болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд жил бүр үнэлгээ хийх, цаашид авах арга хэмжээний тухай Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.