29 дугаар зүйл. Авто зам, замын байгууламжийг ашиглах
29.1.Иргэн, хуулийн этгээд нь тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан авто зам, замын байгууламжийг зориулалтын дагуу ашиглах эрхтэй.
29.2.Авто зам ашиглагч нь дараахь эрх, үүрэгтэй:
29.2.1.хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд авто зам, замын байгууламжийг үнэ төлбөргүй ашиглах;
29.2.2.авто замын арчлалт, засвар, хөдөлгөөний аюулгүй байдлын талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах, шаардлага тавих;
29.2.3.авто замын засвар, арчлалт хариуцсан байгууллагын буруугаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
29.2.4.энэ хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийг биелүүлэх;
29.2.5.авто замд үүссэн бусдад хохирол учруулж болзошгүй ноцтой эвдрэл, зөрчлийн талаар хариуцсан байгууллагад нэн даруй мэдээлэх;
29.2.6.барилга байгууламж барих, өргөтгөх, шугам сүлжээнд холболт хийх зэрэг зайлшгүй шаардлагаар авто замыг сэтлэх, орц, гарц гаргах зэрэг авто замын хэвийн байдлыг алдагдуулах тохиолдолд авто зам эзэмшигч байгууллагаас зөвшөөрөл авч, ажил дууссаны дараа ашиглалтын хэвийн байдлыг ханган, хүлээлгэн өгөх.
29.3.Авто зам ашиглагч дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
29.3.1.авто зам, замын байгууламжийг эвдэж гэмтээх;
29.3.2.зохих зөвшөөрөлгүйгээр авто замын бүтээц, төлөвлөлт, зориулалтад өөрчлөлт оруулах;
29.3.3.авто зам барих, засварлах, арчилж хамгаалах ажилд саад учруулах;
29.3.4.авто замын зорчих хэсэг, хөвөө, зурвас газарт хог хаях, ус урсгах, чулуу, төмөр зэрэг зүйлс үлдээх, хөдөлгөөнд саад учруулж, үзэгдэх орчин хязгаарласан хаяг, сурталчилгааны самбар, эд зүйлс байрлуулах;
29.3.5.тусгай хамгаалалтгүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр гинжит болон тухайн авто замын үзүүлэлтээс хэтэрсэн овор, хэмжээ, даацтай тээврийн хэрэгсэл зорчуулах;
29.3.6.авто замын зурвас газарт авто замын ашиглалттай холбоогүй болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх;
29.3.7.хууль тогтоомжоор хориглосон бусад үйл ажиллагаа.