4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."зорилтот бүлгийн залуучууд" гэж хэвийн ажиллаж амьдрахад нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.7-д заасан залуучуудыг;

4.1.2."залуучуудын хөгжил" гэж залуучуудад тулгарах асуудал, бэрхшээлийг даван туулах чадамж, залуучуудын бие бялдар, оюун санаа, сэтгэлгээ, ур чадвар, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг;

4.1.3."залуучуудын оролцоо" гэж залуучуудын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжил, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо илэрхийлэх, оролцох үйл явцыг;

4.1.4."залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл" гэж залуучуудын хөгжил, оролцоог дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг;

4.1.5."залуучуудын иргэний нийгмийн байгууллага" гэж залуучуудын оролцоотой, тэдний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагыг;

4.1.6."сайн дурын ажил" гэж залуучуудын идэвх санаачилгаар явуулж байгаа ашгийн төлөө бус нийтэд тустай үйл ажиллагааг;

4.1.7."залуучууд судлал" гэж залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас сэтгэхүй, хөгжлийг судлахад чиглэсэн шинжлэх ухааны нэг салбар судлалыг;

4.1.8."амьдрах ухааны чадвар" гэж гэр бүл төлөвлөлт, санхүүгийн мэдлэг болон эрүүл, аюулгүй ажиллах, амьдрах зан үйл, дадал төлөвшил, нийгэм сэтгэл зүйн чадварыг;

4.1.9."залуучуудын хөгжлийг дэмжих сан" гэж залуучуудын хөгжил, оролцоог дэмжихийн тулд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.