24 дугаар зүйл. Систем, системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
24.1.Монголбанк дараахь асуудлаар системийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгуулах арга хэмжээ авна:
24.1.1.нийтийн ашиг сонирхлыг хамгаалах;
24.1.2.оролцогчийн ашиг сонирхлыг хамгаалах;
24.1.3.системд оролцох этгээдийн эрхийг хамгаалах;
24.1.4.Монголбанкнаас шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.
24.2.Оператор доор дурдсанаас бусад тохиолдолд систем, системийн дүрэмд системийн бүтэц, үйл ажиллагаа, эсхүл удирдлагад нөлөөлж болохуйц нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно:
24.2.1.Монголбанкнаас бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр зөвшөөрөл авсан; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
24.2.2.Монголбанкнаас бичгээр, эсхүл энэ хуулийн 24.2.1-д заасан цахим хэлбэрээр зөвшөөрөл авсны дараа нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн өмнө оролцогчид мэдэгдсэн. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
24.3.Монголбанк мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор системд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг операторт өгч болох бөгөөд энэ нь энэ хуулийн 24.2.2-т хамаарахгүй.