26 дугаар зүйл. Үйлчилгээний нөхцөл, түүний ил тод байдал

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Үйлчилгээний нөхцөл, түүний ил тод байдал

26.1.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа үйлчилгээний нөхцөл, талуудын хүлээх үүргийг хэрэглэгчид ойлгомжтой байдлаар танилцуулна.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан үйлчилгээний нөхцөлд дараахь мэдээллийг тусгана:

26.2.1.төлбөрийн хэрэгсэл, түүний нууц код, дансны хандалтын нууц код зэргийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн, зөвшөөрөлгүй этгээд ашигласан, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн, эсхүл хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн тохиолдолд нэн даруй мэдэгдэх талаархи хэрэглэгчийн хүлээх үүрэг, хариуцлага;

26.2.2.хэрэглэгчийн зөвшөөрөлгүй төлбөрийн үйлчилгээ хийгдсэн, эсхүл хийгдсэн байж болзошгүй тухай мэдэгдлийг хэрэглэгчээс хүлээж авах, баталгаажуулах арга хэмжээ;

26.2.3.хэрэглэгчийн хийсэн төлбөрийг гүйцэтгэх хугацаа;

26.2.4.хэрэглэгчийн хийж болох төлбөрийн үйлчилгээний төрөл, давтамж болон үнийн дүнгийн хязгаарлалт;

26.2.5.төлбөрийн үйлчилгээний хөлс;

26.2.6.урьдчилж зөвшөөрөл олгосон төлбөрийн үйлчилгээний хүрээнд төлбөрийг зогсоох хэрэглэгчийн эрх, түүнд холбогдох зохицуулалт;

26.2.7.төлбөрийн үйлчилгээтэй холбогдох мэдээллийг авах хэрэглэгчийн эрх;

26.2.8.алдаа гарсан үед залруулга хийх зохицуулалт, түүнд холбогдох хэрэглэгчийн эрх;

26.2.9.хэрэглэгчийн өмнө хүлээх төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг, хариуцлага;

26.2.10.хэрэглэгч нууц гэж үзсэн аливаа мэдээллийг эрх бүхий гуравдагч этгээдэд гаргаж өгөх нөхцөл;

26.2.11.төлбөрийн хэрэгсэл гаргагчаас бусад этгээдийн ажиллуулж байгаа цахим төхөөрөмжөөр шилжүүлэг хийсэн тохиолдолд шимтгэл төлж болох тухай мэдээлэл.

26.3.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь хэрэглэгчээс үйлчилгээний шимтгэл, хөлс авдаг бол энэ хуулийн 26.4-т заасны дагуу нийтэд мэдээлнэ.

26.4.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 26.3-т заасан шимтгэл, хөлстэй холбогдох мэдээллийг хэрэглэгчийн үйлчилгээ авч байгаа газарт ил тод, харагдахуйц байршуулна.

26.5.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн энэ хуулийн 26.3-т заасан мэдээлэл нь Монголбанкнаас тавих шаардлагыг хангасан байна.

26.6.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, оператор нь энэ хуулийн 26.3-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол харилцагчаас шимтгэл, хөлс авахыг хориглоно.

26.7.Үйлчилгээний нөхцөл энгийн, ойлгомжтой байна.

26.8.Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн дансны нууцлалыг хангах нөхцөлд өөрчлөлт оруулах тохиолдолд Монголбанкнаас баталсан журамд заасан хэлбэр, хугацаанд хэрэглэгчид мэдэгдэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.