44 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага
44.1.Оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, түүний албан тушаалтан үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөн бол тухайн зөрчлийн шинж байдлыг харгалзан Монголбанк дараахь арга хэмжээ авна:
44.1.1.бичгээр, эсхүл энэ хуулийн 24.2.1-д заасан цахим хэлбэрээр сануулга өгөх; /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./
44.1.2.зөрчлийг арилгах талаар хугацаатай даалгавар өгөх;
44.1.3.энэ хуулийн 44.2-т заасан захиргааны хариуцлага ногдуулах;
44.1.4.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн гүйцэтгэх удирдлагыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлөх талаар төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэл өгөх;
44.1.5.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн үйл ажиллагааг хэсэгчлэн болон бүхэлд нь хязгаарлах, түдгэлзүүлэх;
44.1.6.оператор, оролцогч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг хүчингүй болгох.
44.2.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Монголбанкны хянан шалгагч Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулна.
44.3.Энэ хуулийн 44.2-т заасан шийтгэлийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.
44.4.Үндэсний төлбөрийн системийн тухай хууль тогтоомж зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирлыг Иргэний хуулийн дагуу нөхөн төлүүлнэ.
44.5.Энэ хуулийн 44.2-т заасан шийтгэлийг үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлнэ.