3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."усан зам" гэж усан замын тээврийн хэрэгслийг аюулгүйгээр зорчиход тогтоосон хөвөлтийн болон бусад дохио, тэмдэг бүхий байгалийн болон хиймлээр барьж байгуулсан усан зурвасыг;
3.1.2."усан замын тээвэр" гэж гол мөрөн, нуурын усанд усан замын тээврийн хэрэгслээр хийх зорчигч, ачаа тээвэрлэлтийг;
3.1.3."усан замын тээврийн хэрэгсэл" гэж усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, ахуйн болон спортын зориулалттай завь, хийлдэг завь, усны мотоцикл, хөвөгч төхөөрөмж, инженерийн хөвөгч байгууламжийг;
3.1.4."усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл" гэж төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цэрэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах болон гаалийн байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг;
3.1.5."усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч" гэж усан замын тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж зорчигч, ачаа тээвэрлэхэд ашиглаж байгаа этгээдийг;
3.1.6."зорчигч" гэж усан замын тээврийн хэрэгсэл дээр буюу тавцан дээр зорчиж байгаа хүнийг;
3.1.7."ачаа" гэж усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эд зүйлсийг;
3.1.8."тээвэрлэлт" гэж усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг усан замын нэг зогсоолоос нөгөө зогсоолд шилжүүлэн зөөхтэй холбоотой ажил, үйлчилгээг;
3.1.9."тээвэрлэгч" гэж усан замын тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;
3.1.10."тээвэрлүүлэгч" гэж усан замын тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг;
3.1.11."зогсоол" гэж зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахад зориулагдсан, гэрэлтүүлэг, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангагдсан эрэг дээрх байгууламжийг;
3.1.12."тээврийн баримт бичиг" гэж зорчигч, ачааг ачсан, хүлээн авсан тухай тэмдэглэгээ хийж, баталгаажуулсан баримтыг;
3.1.13."усан замын төв буудал" гэж энэ хуулийн 3.1.11-д зааснаас гадна усан замын тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, шатахуун түгээх, зорчигчийн танхим, ачаа, тээш хадгалах агуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмчилгээний, уснаас эрэн хайх, аврах бүлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хадгалах хэсэг болон бусад шаардлагатай өрөө бүхий цахилгаан эрчим хүчээр хангагдсан усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоолыг;
3.1.14."усан замын тээврийн хэрэгслийн жолооч" гэж энэ хуулийн 8.1-д заасан усан замын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий этгээдийг;
3.1.15."усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч" гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг;
3.1.16."улс хоорондын тээвэрлэлт" гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх усан замын тээвэрлэлтийг;
3.1.17."аймаг хоорондын тээвэрлэлт" гэж хот, аймгийн нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлтийг;
3.1.18."усан замын обьект" гэж усан замын тээврийн хэрэгслийн зогсоол, төв буудал, чиглүүлэгч гэрэлт цамхаг болон бусад хөвөгч тоног төхөөрөмжийг.
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ