16.3 дугаар зүйл. Мэдүүлэг
1.Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, шинжээчээс гаргасан дүгнэлтийнх нь талаар тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.
2.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.
3.Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.
4.Дараахь хүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй:
4.1.тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч, прокурор;
4.2.өмгөөлөх, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, хуульч;
4.3.хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч;
4.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон нь тогтоогдсон хүн;
4.5.эмчилгээ хийж байх явцад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар мэдэх болсон сэтгэл зүйч;
4.6.өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч.
5.Энэ зүйлийн 4.5-д заасан хүн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчтэй харилцах явцад хийгдсэн тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг нь хэргийн нотлох баримт болохгүй ба сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу нотлох баримтад тооцож болно.
6.Энэ зүйлийн 4.5-д заасан хүнээс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн гэрчийн мэдүүлэг авч болно.
7.Энэ зүйлийн 4.5-д заасан хүнтэй харилцан ярьсан ярианы талаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрөө задруулсныг сонссон гэрчийн мэдүүлгийг шүүхэд нотлох баримтаар тооцож болно.
8.Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй:
8.1.нэрийг нь нууцалсан гэрчийн мэдүүлэг;
8.2.хамтран ажиллах этгээдийн мэдүүлэг;
8.3.яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг;
8.4.өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон гэрч, хохирогчийн мэдүүлэг.
9.Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.
10.Гэрчээр мэдүүлэг авч байх үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрвэл мэдүүлэг авах ажиллагааг зогсоож, сэжигтнээр мэдүүлэг авах ажиллагааг энэ хуульд заасны дагуу явуулна. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
11.Дүрс харж ярих боломжтой технологи, мэдээллийн хэрэгсэл ашиглан мэдүүлгийг авч болно. Энэ тохиолдолд өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагчийн оролцоог ханган дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж, хавтаст хэрэгт хавсаргана. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, түүнээс гэрчийн мэдүүлэг авахыг хориглоно. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./