23.3 дугаар зүйл. Хэргийн газрын үзлэг
1.Мөрдөгч гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байж болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор орон байр, бусад газар, нийтийн эзэмшил газрын тодорхой хэсгийг хэргийн газраар тогтоон үзлэг хийнэ.
2.Үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, цогцос зэргийг хамруулан хийнэ.
3.Мөрдөгч хэргийн газрын үзлэг хийхэд дараахь арга хэмжээг авна:
3.1.хэргийн газрын хамгаалалтын бүсийг тогтоож хамгаалалтад авах, хамгаалалтыг цуцлах;
3.2.өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах;
3.3.эзэмшигч, оршин суугч, шаардлагатай бол бусад хүнд хэргийн газрын хамгаалалтын бүсийн талаар мэдэгдэх, эсхүл бусдад ойлгогдохуйц тэмдэг тавих;
3.4.хэргийн газарт байсан, орж ирсэн хүнийг үзлэг дуустал тухайн газраас явах, бусадтай болон бие биетэйгээ харилцахыг хориглох, ажиллагаанд саад учруулахгүй байхыг шаардах;
3.5.хэргийн газрын хамгаалалтын бүсэд хүн, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх, эсхүл гарахад хязгаарлалт тогтоох, бүсээс гарахыг шаардах, албадан гаргах;
3.6.хэргийн газар, хамгаалалтын бүсэд байгаа хүний бичиг баримтыг шалгах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх;
3.7.хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах;
3.8.хэргийн газарт байгаа хүний бие, эд зүйл, мал, амьтан, цогцосноос хэв загвар, дээж авах;
3.9.хэргийн ул мөр бүхий түгжээтэй зүйлийг нээхийг шаардах, нээх;
3.10.хэргийн газар, түүний дотор байгаа зүйлийн байр байдлыг бэхжүүлэхийн тулд дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах;
3.11.төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээлэл алдагдах, эд хөрөнгө устах, үрэгдэхээс хамгаалах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Шаардлагатай бол хэргийн газарт байгаа хохирогч, бусад хүнд эрүүл мэнд, сэтгэл зүйн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авч, энэ талаар тэмдэглэлд тусгана.
5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай гэж мөрдөгч үзвэл мэргэжилтнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулж болно.
6.Мөрдөгч энэ зүйлийн 3.6, 3.8-д заасан ажиллагааг үзлэгийн үед даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна.