32.5 дугаар зүйл. Хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох
1.Прокурор дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:
1.1.гэмт хэргийн шинжгүй;
1.2.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон;
1.3.тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа;
1.4.сэжигтэн, яллагдагч нас барсан;
1.5.гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;
1.6.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй.
2.Мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана.
3.Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно.
4.Нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана.
5.Энэ зүйлийн 1.1 дэх заалт, 2, 3, 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд яллагдагч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгана.
6.Энэ зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосныг хохирогч, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулна.