34.12 дугаар зүйл. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч хүрэлцэн ирээгүйн холбогдол
1.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.
2.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно.
3.Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болох ба энэ талаарх мэдээллийг харьяалах прокурорын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд даруй хүргүүлнэ. /Энэ хэсэгт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж байгаа бол өмгөөлөгчтэй холбоотой энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.