34.4 дугаар зүйл. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах
1.Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэх, энэ хуульд тусгайлан зааснаас бусад шүүх хуралдааныг нээлттэй явуулна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.Шүүх хуралдааныг дараах тохиолдолд бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нээлттэй, эсхүл хаалттай явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.1.хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт гаргасан бол; /Энэ заалт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
2.2.хамгаалалтад байгаа гэрчийн мэдүүлгийг уншиж сонсох, эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримтыг шинжлэн судлах. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
3.Хаалттай явуулах шүүх хуралдаанд оролцуулах, байлцуулах хүнийг шүүх шийдвэрлэнэ.
4.Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааг нууцаар явуулахтай холбоотой ил болгохыг хориглосон мэдээллийг танилцуулахдаа холбогдох хуулийг баримтална.
5.Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
6.Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6-д заасан албаны нууцыг задруулахгүй байх баталгааны зохицуулалт шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулахад хамаарахгүй. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./