34.7 дугаар зүйл. Прокурор шүүх хуралдаанд оролцох
1.Прокурор шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдааны явцад гарсан асуудлын талаар санал гаргах, шүүгдэгчид ял оногдуулахад баримтлах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, хорих байгууллагын нөхцөл, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон бусад асуудлын талаархи дүгнэлтээ шүүхэд гаргана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
2.Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана.
3.Улсын яллагч шүүгдэгчийг яллах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхтэй холбогдуулан гаргасан хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн саналыг яллах үйл ажиллагаандаа харгалзана.
4.Шүүх хуралдаанд хэд хэдэн улсын яллагч оролцож байгаа бол шүүх хуралдаанд тодорхой асуудлаар мэтгэлцэхэд нэг улсын яллагч нь бусдыгаа төлөөлнө.
5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бусдыгаа төлөөлж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай зөвлөлдөх зорилгоор шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулахыг хүсч болно.
6.Улсын яллагч доор дурдсан тохиолдолд шүүгдэгчийг яллахаас татгалзаж, саналаа бичгээр гаргана:
6.1.шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзсэн;
6.2.хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзсэн. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө улсын яллагч яллахаас татгалзаж болно.
8.Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.