35.20 дугаар зүйл. Мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах
1.Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны дүнг тухайн ажиллагааны тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах, оролцсон гэрч, шинжээчийг дуудаж мэдүүлэг авах байдлаар шинжлэн судална.
2.Мөрдөн шалгах ажиллагааны дүнг шинжлэн судлах ажил нь хийгдсэн ажиллагааны тэмдэглэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгт тусгагдсан мэдээллээр хязгаарлагдана.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчоос мэдүүлэг авахад энэ хуулийн 35.11, 35.12, 35.13, 35.14, 35.15, 35.16, 35.17 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
4.Энэ хуулийн 26.8 дугаар зүйлд заасан магадлагааг мөрдөгч танилцуулсны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд мөрдөгчид асуулт тавьж болно.