35.8 дугаар зүйл. Шүүхийн хэлэлцүүлэг
1.Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана.
2.Шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судална.
3.Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ.
4.Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч бүрээс улсын яллагчийн яллах дүгнэлтийн агуулга, түүнд оногдуулж болох эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон эсэхийг тодруулж, шүүгдэгчийн хүсэлтээр тайлбарлахыг улсын яллагчид даалгаж болно.
5.Улсын яллагч яллах дүгнэлт уншиж сонсгосны дараа шүүх хуралдаан даргалагч шүүгдэгчээс мэдүүлэг өгөх эсэхийг асууж, хэрэв зөвшөөрвөл түүний мэдүүлгийг сонсоно.
6.Улсын яллагчийн яллах дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч үг хэлж болно.
7.Шүүгдэгч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах хүсэлт гаргасан тал эхэлж асуулт тавьж, шинжлэн судална.
8.Шүүгдэгч, гэрчид тавьсан асуулт нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг хариулт өгөхөөр бол өмгөөлөгч, улсын яллагч нь шүүгдэгч, гэрчийг тухайн асуултад хариулахгүй байх хүсэлтийг шүүхэд гаргаж болно.
9.Талуудаас шүүгдэгч, гэрч, шинжээчээс нэг зүйл дахин давтан асуусан, эсхүл хэрэгт холбогдолгүй асуултад хариулахгүй байх тухай талуудын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдаан даргалагч асуултад хариулахыг зогсоож болно.
10.Улсын яллагч, өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчид дахин асуулт тавих, шинжлэн судалсан нотлох баримтыг дахин судлуулахаар шүүхэд санал, хүсэлт гаргаж болно.
11.Нотлох баримтыг дахин шинжлэн судлах, шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчээс дахин мэдүүлэг авахад энэ хуульд заасан журмыг баримтална.
12.Шүүгч, иргэдийн төлөөлөгч нотлох баримтыг шинжлэн судлахад оролцож, аль ч үед тодруулах асуулт тавих эрхтэй.
13.Шүүгдэгч, гэрч, хохирогч, шинжээчээс мэдүүлэг авах, нотлох баримт шинжлэн судлах ажиллагааг явуулж дуусмагц шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг дууссаныг мэдэгдэнэ.