36.9 дугаар зүйл. Шүүхийн цагаатгах тогтоол
1.Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дараахь зүйлийг тусгана:
1.1.шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, түүнийг нотолж байгаа нотлох баримтын агуулга;
1.2.шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.
2.Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт дараахь зүйлийг тусгана:
2.1.шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл;
2.2.таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай;
2.3.иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай;
2.4.хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар;
2.5.эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай;
2.6.тогтоолд давж заалдах, эсэргүүцэл бичих журмын тухай.
3.Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шүүхээс гаргасан шийдвэрийн үндэслэлийг заана.
4.Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
5.Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тусгана.