38.2 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

38.2 дугаар зүйл. Давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах

1.Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

2.Цагдан хоригдож байгаа ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан бол цагдан хорих байгууллагын захиргаа уг гомдлыг баталгаажуулж, дараагийн ажлын өдөрт багтаан харьяалах шүүхэд хүргүүлнэ.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа хэтрүүлж гаргасан гомдлыг шүүх хүлээж авахгүй.

4.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих хугацааг хэтрүүлсэн бол хэтэрсэн хугацааг сэргээлгэх хүсэлтээ шийдвэр гаргасан шүүхэд гаргана.

5.Хугацаа сэргээлгэх хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан хүнийг дуудаж тайлбар авч болно. Хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай болохыг хүсэлт гаргасан хүн өөрөө нотолно.

6.Хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол шүүх хугацааг сэргээх шийдвэр гаргана.

7.Гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

8.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг сэргээсэн тохиолдолд гомдол, эсэргүүцлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх, эсхүл энэ хуулийн 38.3 дугаар зүйлд заасан ажиллагааг хийлгэхээр тухайн шийдвэр гаргасан шүүхэд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.