39.1 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39.1 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ

1.Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.

2.Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.

3.Шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.

4.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.

/Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр "... хүндрүүлж ..." гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

/Энэ хэсэгт 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.

6.Шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянаж үзээд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны товыг тогтооно.

7.Шүүх дараахь үндэслэл тогтоогдвол хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй тухай шийдвэр гаргана:

7.1.гомдол, эсэргүүцэл гаргагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий хүн, хуулийн этгээд биш;

7.2.гомдол, эсэргүүцэл гаргах хугацаа хэтэрсэн;

7.3.давж заалдах шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш;

7.4.тухайн хэргийг урьд нь давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэр хүчинтэй байгаа;

7.5.гомдол, эсэргүүцэл гаргагч нь гомдол, эсэргүүцлээсээ татгалзсан.

8.Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор, оролцогч энэ хуулийн 15.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан журмаар гомдол гаргаж болно.

9.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхэд хамаарахгүй. /Энэ хэсгийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.