39.4 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

39.4 дугаар зүйл. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх

1.Давж заалдах шатны шүүх хуралдаан эхлэх ажиллагааг энэ хуулийн 35.1, 35.2, 35.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон явуулна.

2.Шүүх хуралдаан даргалагч талуудын санал, хүсэлтийг харгалзан давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтооно.

3.Илтгэгч шүүгч тухайн хэргийг илтгэж, шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг өөрийн урьдчилсан дүгнэлтгүйгээр танилцуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.Шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу давж заалдах гомдол, эсхүл эсэргүүцэл гаргасан тал гомдол, эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн саналыг сонсоно.

5.Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримт ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно.

6.Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно.

7.Шүүх хуралдаан даргалагч хэрэг хэлэлцэх ажиллагаа дууссаныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.

8.Шүүх хуралдааны дэгийг зөрчигчид хариуцлага хүлээлгэхдээ энэ хуулийн 34.21 дүгээр зүйлд заасныг баримтална.

9.Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг энэ хуулийн 11.7 дугаар зүйлд заасны дагуу хөтөлнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.