39.8 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих
1.Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ:
1.1.шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан;
1.2.хуульд заасан үндэслэлээр гаргасан шүүхийн харьяалалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэхгүйгээр шийдвэрлэсэн;
1.3.энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон;
1.4.энэ хуулийн 35.14, 35.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн;
1.5.шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан;
1.6.шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;
1.7.хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл, түүнд хавсаргасан нотлох баримт байгаагүй;
1.8.шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;
1.9.анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй бол;
1.10.илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.