40.1 дугаар зүйл. Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах
1.Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно:
1.1.шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
1.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
1.3.хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; /Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтын “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
1.4.эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой. /Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./
2.Энэ хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.Хяналтын журмаар дараахь үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргана:
3.1.шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн;
3.2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
4.Гомдол, эсэргүүцэл гаргагч нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө гомдол, эсэргүүцлээсээ татгалзаж болно.
5.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.
6.Хяналтын шатны шүүхэд гаргах гомдол, эсэргүүцэлд дараахь зүйлийг тусгана:
6.1.гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх шүүхийн нэр;
6.2.гомдол гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
6.3.эсэргүүцэл гаргасан хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, албан тушаал;
6.4.өмгөөлөгчөөр оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;
6.5.аль шүүхийн ямар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргаж байгаа;
6.6.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт заасан хэргийн товч утга;
6.7.гомдол, эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл, нотолгоо;
6.8.гомдол, эсэргүүцэл гаргагчийн санал, хүсэлт;
6.9.хавсаргасан баримт бичиг, тэдгээрийн жагсаалт.
7.Хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх хүсэлтийг энэ хуулийн 38.2 дугаар зүйлийн 5, 6, 7, 8 дахь хэсэгт заасан журмаар хянан шийдвэрлэнэ.
8.Улсын ерөнхий прокурор, түүний томилсон прокурор хяналтын журмаар эсэргүүцэл бичих зорилгоор хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй.
9.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүхэд хүргүүлэхээс өмнө өмгөөлж байгаа хүндээ урьдчилан танилцуулсан байна.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
10.Өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлоосоо өмгөөлж байгаа хүнийхээ зөвшөөрөлгүйгээр татгалзаж болохгүй.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./