40.5 дугаар зүйл. Хяналтын шатны шүүхийн эрх хэмжээ
1.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй.
2.Хяналтын шатны шүүх нь шүүхийн Эрүүгийн хуулийн хэрэглээний зөрүү байгаа эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэхийг хянана. /Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийн “... зөрүүтэй хэрэглэсэн эсэх, ...” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
3.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно.
4.Хяналтын шатны шүүх энэ хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас бусад үндэслэлээр хэрэг хянахгүй.
5.Шүүх хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзнэ.