44.3 дугаар зүйл. Ял эдлүүлэх зорилгоор Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх
1.Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаад улсын шүүхээр хорих ял шийтгүүлсэн Монгол Улсын иргэнийг шилжүүлж авах тухай хүсэлтийг тухайн ял шийтгүүлсэн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, төрөл, садангийн хүн, түүнчлэн ял шийтгүүлсэн хүний зөвшөөрснөөр тухайн улсад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллага Улсын ерөнхий прокурорт уламжилна.
2.Улсын ерөнхий прокурор хүсэлтийг хянаж, түүнийг хангах боломжтой гэж үзсэн тохиолдолд түүний саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн тогтоосон харьяаллын дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх шийдвэр гаргана.
3.Шүүхийн шийдвэрт дараахь зүйлийг заасан байна:
3.1.гадаад улсын шүүхийн нэр, шийдвэр гаргасан газар, он, сар, өдөр;
3.2.Монгол Улсад хамгийн сүүлд байнга оршин сууж байсан болон ажиллаж байсан газар;
3.3.ял шийтгүүлсэн хүний үйлдсэн гэмт хэрэг, гадаад улсын шүүхээс түүнд хэрэглэсэн хуулийн зүйл, хэсэг, заалт;
3.4.ял шийтгүүлсэн хүний үйлдэлд хэрэглэх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт;
3.5.гадаад улсын шүүхээс ял шийтгүүлсэн хүнд оногдуулсан ялын хугацаа, хорих ангийн дэглэм, Монгол Улсад эдэлбэл зохих ялын хугацаа, хорих ангийн дэглэм, хохирол нөхөн төлөх журам.
4.Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно.
5.Гадаад улсын шүүх хорих ял оногдуулсан боловч Монгол Улсын хуулиар уг хэрэгт хорих ял оногдуулж болохооргүй байвал шүүх уг хүнд гадаад улсын шүүхээс оногдуулсан ялтай дүйцэхүйц төрөл, хугацааны өөр төрлийн ял эдлүүлэхээр шийдвэрлэнэ.
6.Гадаад улсын шүүх хэд хэдэн хэрэг үйлдсэн гэж үзэж ялтанд ял оногдуулсан боловч тэдгээр нь Монгол Улсын хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй бол шүүх хэрэгсэхгүй болгож, ял шийтгүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө.
7.Шүүхийн шийдвэр нь гарсан хугацаанаас хүчин төгөлдөр болох бөгөөд түүнд прокурор эсэргүүцэл бичиж болно.
8.Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын ерөнхий прокурор тухайн улсын эрх бүхий байгууллагад хүргүүлж, ял шийтгүүлсэн хүнийг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу шилжүүлж авна.
9.Гадаад улсаас шилжин ирж энэ зүйлд заасны дагуу Монгол Улсад ял эдлэхээр болсон ял шийтгүүлсэн хүнийг хорих ялаас хугацааны өмнө суллах, ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих, өршөөл, уучлал үзүүлэх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудлыг Монгол Улсын хуулиар зохицуулна.
10.Гадаад улсад өршөөлийн хууль гарсан бол тэнд шийтгүүлээд шилжиж ирсэн этгээдийг уг өршөөлд хамруулах ба энэ тухай шийдвэрийг ял эдлүүлж байгаа газрыг харьяалах анхан шатны шүүхийн шүүгч гаргана.