45.2 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45.2 дугаар зүйл. Хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл

1.Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ:

2.1.хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн нь тогтоогдсон;

2.2.тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан;

2.3.тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;

2.4.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон;

2.5.яллагдагчийг эрүүдэн шүүсэн болох нь нотлогдсон.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас чөлөөлсөн, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, уучлал үзүүлсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй, эсхүл тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, ял, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль батлагдсанаар хүчингүй болсон, өөрчлөгдсөн тохиолдолд энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.

4.Хүнийг хууль бусаар хохироосон мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан албан тушаалтан хүнийг хууль бусаар хохироосон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай хүнээр нөхөн төлүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.