45.8 дугаар зүйл. Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

45.8 дугаар зүйл. Хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах

1.Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно.

2.Өсвөр насны хүнийг цагаатгасан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргана.

3.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана.

4.Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно.

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол сонирхогч этгээдийн хүсэлтээр хэтэрсэн хугацааг шүүх сэргээж болно.

6.Хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана.

7.Тухайн хүн нас барсан тохиолдолд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх эрх нь түүний өв залгамжлагчид, зогсоосон тэтгэвэр, тэтгэмж нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх бүхий гэр бүлийн гишүүнд тогтоосон журмын дагуу шилжинэ.

8.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас улсад учирсан эд хөрөнгийн хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг прокурор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүхэд гаргана.

9.Энэ бүлэгт заасан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргагч шүүхийн зардал төлөхөөс чөлөөлөгдөнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.