1.4 дугаар зүйл. Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

1.4 дугаар зүйл. Зөрчлийн тухай хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа

1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

2.Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан болон агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд энэ хуулиар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

3.Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.

4.Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

5.Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

6.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.