10.1 дугаар зүйл. Зар сурталчилгааны тухай хууль зөрчих
1.Зар сурталчилгааны тухай хуульд заасан:
1.1.зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээхэд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн;
1.2.интернетээр түгээж байгаа зар сурталчилгаанд зар сурталчилгаа түгээгчийн холбогдох мэдээллийг тусгаагүй;
1.3.хуулиар түгээхээр тусгайлан заасан сэрэмжлүүлгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүйгээр түгээгээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хуульд заасны дагуу:
2.1.зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь Зар сурталчилгааны тухай хуулийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдээгүй;
2.2.зар сурталчилгаанд хүн, түүний нэр, алдар хүнд, эд хөрөнгө, уран бүтээлийг үзүүлэх, дүрслэх, хэлсэн үгнээс нь эшлэл татах, бусад хэлбэрээр ашиглахдаа тухайн хүн, өв залгамжлагч, эрх залгамжлагчийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй;
2.3.нийтэд танил, нэр хүнд бүхий хуулийн этгээдийн нэр, бэлгэдэл, бүтээгдэхүүн, барааны тэмдэг, нэрийн товчлолыг зар сурталчилгаанд ашиглахад тухайн хуулийн этгээдийн зөвшөөрлийг урьдчилан аваагүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгч:
3.1.зар сурталчилгааны материал, тэдгээрийн хуулбарыг тухайн зар сурталчилгааг сүүлчийн удаа түгээснээс хойш зургаан сараас доошгүй хугацаагаар хадгалаагүй;
3.2.мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл, зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байрлуулсан, эсхүл түгээсний төлөө төлбөр авсан бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгаа бүтээх, түгээх журам зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван мянган нэгж, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30 -ны өдрийн хуулиар нэмсэн./
7.Төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом, эсхүл мөрийтэй тоглоомыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, эсхүл цахим сүлжээ ашиглаж сурталчилсан, уриалсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгж, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./