10.11 дугаар зүйл. Компанийн тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.11 дугаар зүйл. Компанийн тухай хууль зөрчих

1.Хувьцаат компани хуульд заасан тайлан тэнцэл, мэдээ, мэдээллийг:

1.1.нийтэд, эрх бүхий байгууллага, хувьцаа эзэмшигчид танилцуулах;

1.2.мэдээлэх;

1.3.тайлагнах;

1.4.мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Компанийн тухай хуульд заасныг зөрчиж:

2.1.охин компани нь санхүүгийн тайлангаа тусдаа гаргах үүргээ биелүүлээгүй;

2.2.толгой компани нь охин компанитайгаа нэгдсэн санхүүгийн тайлан гаргах үүргээ биелүүлээгүй;

2.3.хувьцааг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр гаргасан;

2.4.зээлдүүлэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор компанийн өөрийн хөрөнгө тухайн үеийн компанийн дүрэмд заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнээс багасгасан, эсхүл компани төлбөрийн чадваргүй болохоор байвал компанийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс доогуур үнээр бусдад худалдсан;

2.5.компани нь тухайн жилд гүйлгээнд байсан нийт хувьцааны дунджийн 25 хувиас хэтэрсэн үнэт цаасыг худалдан авсан;

2.6.компани өөрийн компанийн үнэт цаасыг анхдагч зах зээлд гаргах үед худалдан авсан;

2.7.хувьцаагаа эргүүлэн худалдаж авснаар өөрийн хөрөнгө нь тухайн үеийн балансад тусгагдсан нийт гаргасан хувьцааны нэрлэсэн үнийн дүн, хувь нийлүүлсэн хөрөнгөөс багассан тохиолдолд компани өөрийн энгийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан;

2.8.компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 1-ээс дээш хувьтай тэнцэх бүхэл тооны хувьцааг нэгтгэсэн;

2.9.хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг хэлэлцсэн;

2.10.хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулсан;

2.11.хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалтай шууд холбоотой компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдийг хурлын тооллогын комиссын гишүүнээр томилсон;

2.12.компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоогүйн улмаас хойшлуулсан хурлаар хэлэлцэх асуудлыг өөрчилсөн;

2.13.хувьцаат компани нь хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хурал хуралдуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хураалт явуулах замаар шийдвэрлэхдээ саналын хуудас ашиглахгүйгээр санал хураалтыг явуулсан;

2.14.төрийн болон нутгийн захиргааны байгууллага, цэрэг, цагдаа, шүүх, прокурорын байгууллагад удирдах албан тушаал хашдаг, эсхүл ял шийтгэл эдэлж байгаа хүнийг компанийн эрх бүхий албан тушаалд ажиллуулсан;

2.15.хувьцаат компанийн дүрэмд аудитын байгууллагыг заавал ажиллуулахаар заагаагүй;

2.16.аудитын байгууллагын гаргасан дүгнэлтийн шинж чанараас хамааруулан олгох хөлсний хэмжээ тогтоосон;

2.17.хуульд заасан баримт бичгийг хадгалах үүргээ биелүүлээгүй;

2.18.зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулах, архивт шилжүүлэх зэрэг ажиллагааг гүйцэтгээгүй, эсхүл хуульд зааснаас өөр албан тушаалтнаар гүйцэтгүүлсэн;

2.19.компани хуульд заасан хадгалбал зохих баримт бичгийг өөрийн үйл ажиллагаа эрхлэн явуулах газар, эсхүл хувьцаа эзэмшигчдийн мэдэх, тэдний нэвтрэх боломж бүхий газарт хадгалах үүргээ биелүүлээгүй;

2.20.анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүргээ биелүүлээгүй;

2.21.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцаанд хөрвөх үнэт цаасны хөрвөх үнийг уг үнэт цаасыг гаргах өдрөөс өмнөх тухайн төрлийн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй;

2.22.хувьцаат компанийн гаргасан энгийн хувьцааг худалдах, худалдан авах опционд заасан хувьцааны үнийг опционыг гаргах өдрөөс өмнөх тухайн хувьцааны сүүлийн нэг сарын арилжааны жигнэсэн дундаж үнээс дээгүүр байлгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хувьцаат компанийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл нийтэд худалдахаар гаргаж байгаа үнэт цаас, хувьцаат компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Хувьцаат компанийн хувьцааг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц, эсхүл түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргаагүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Компанийн хувьцааг дангаараа, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшигч нь өөрийн эзэмшлийн үнэт цаасны тухай мэдээллээ нэгдмэл сонирхолтой этгээд болсон өдрөөс, эсхүл компанийн хувьцааны тав, түүнээс дээш багц болон хяналтын багцыг хамтран эзэмших болсноос хойш ажлын 3 өдрийн дотор компанид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй, хориглосон хэм хэмжээ, үнэт цаасны зах зээлийг зохицуулах төрийн эрх бүхий байгууллагаас баталсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.