10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10.13 дугаар зүйл. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль зөрчих

1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зохих зөвшөөрөлгүйгээр ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авч ажиллуулсан, эсхүл ажиллах хүч гадаадад гаргасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг хуульд заасан хэмжээгээр төлөөгүй бол төлбөрийг нөхөн төлүүлж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Байгууллага нь:

3.1.гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээний биелэлт, гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтний талаархи тайлан, мэдээг хуульд заасан журмын дагуу гаргаагүй;

3.2.цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг тухай бүр гаргаагүй;

3.3.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагад цуцлагдсан, эсхүл сунгасан гэрээний тухай мэдээллийг албан ёсоор ирүүлээгүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.Байгууллага нь гадаадад хөдөлмөр эрхлүүлж байгаа монгол иргэд, гадаадаас авч ажиллуулж байгаа ажиллах хүч, мэргэжилтнийг хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Хуульд заасныг зөрчиж:

5.1.гадаадын иргэн, харьяалалгүй хүн, арван найман насанд хүрээгүй хүнийг хөдөлмөр эрхлүүлэхээр зуучилсан;

5.2.химийн хортой, тэсрэх, эсхүл цацраг, биологийн идэвхт бодистой харьцах, хар тамхи, мансууруулах бодис үйлдвэрлэх, борлуулах зэрэг олон улсын хэмжээнд хориглосон ажилд зуучилсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.